ЕМВХ – Бүх гишүүдийн чуулганаар ТЭРГҮҮН, УЗ сонгон батлах тухай
Европын монголчууд волейболын идэвх санаачлага 2000-аад оны эхэн үеэс өргөжин тэлсээр 2013 онд анхны Аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байсан бол өдгөө жил бүр 11-13 орны 400 гарам тамирчдыг хамруулсэн томоохон арга хэмжээ болон хөгжжээ. Түүнчлэн улс орон бүрт хүүхэд, залуучуудын волейболын бэлтгэл, секц тогтмол явагдаж, гадаадад амьдарч буй монголчууд бидний дараагийн үеийн шинэ залуу тамирчид олноор хичээллэн оролцож буй нь бидний хамтын хөдөлмөрийн үр дүн юм.
Энэхүү хөгжлийн шинэ шатанд Холбооны удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд шинэлэг уур амьсгал оруулах, улс орнуудын төлөөллийг тэгш, нээлттэй байдлаар хангах, ахмад болон залуу үеийн зохистой төлөөллөөс бүрдүүлэх зорилгоор Удирдах зөвлөлийг шинэчлэн бүрдүүлэх ажил эхлээд байна.
Та бүхнийг энэхүү мэдээллийг хамт олон, гишүүддээ түгээн хүргэж, Удирдах зөвлөлийн багаараа нэр дэвшин ажиллах саналаа дэвшүүлж, удахгүй зохион байгуулагдах чуулганаар явагдах сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Шинээр Удирдах зөвлөлийн багийг бүрдүүлэхэд тавигдах үндсэн шаардлага
- Чуулганы хооронд Холбооны эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл байх бөгөөд Удирдах зөвлөлийг Европын улс орнуудын төлөөллийг тэгш ханган бүрдүүлнэ.
- Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүд нь тухайн улс орондоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг холбоо, нийгэмлэгийн төлөөлөл байна.
- Тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД), Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид нь өөрийн товч танилцуулга болон ЕМВХ-ны ойрын болон хэтийн үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрийг Чуулган зарлагдсан өдрөөс 5 хоногийн өмнө euromongolvolley@gmail.com цахим шуудангаар ирүүлсэн байх ба уг материалыг чуулганаар танилцуулна.
Мөн Холбооны үйл ажиллагаатай уялдсан мэргэжлийн албыг шинээр байгуулан ажиллуулах тохиолдолд энэ талаар төлөвлөгөөндөө тусгасан байна. - Спортын зэрэг, цол олгох асуудлыг ил тод, тодорхой журамд тулгуурлан хэрэгжүүлэх нь Холбооны чухал зорилтын нэг тул шинээр сонгогдох Удирдах зөвлөл энэ чиглэлд баримтлах бодлого, зарчмаа мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан байна.
- Уламжлалт тэмцээн болох Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн болон мастер (ахмад) ангиллын тэмцээнийг хэрхэн зохион байгуулах (нэг дор эсвэл тусад нь гэх мэт) талаарх урьдчилсан төлөвлөгөөг мөрийн хөтөлбөрт тусгасан байна.
Холбооны дүрэмд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр Тэргүүн, Удирдах зөвлөл болон Хяналтын албыг сонгох Бүх гишүүдийн чуулганы товыг энэ оны 3 дугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг тухай бүр хүргэх болно.
Жич: Чуулганаар одоогийн УЗ тайлан, мэдээлэл тавигдах ба та бүхэн өмнө тодруулах зүйл, асуулт байвал euromongolvolley@gmail.com цахим шуудангаар бидэнд хандаж болно.
💬 Таны санал – бидний хөгжил
🤝 Хамтдаа илүү хүчирхэг холбоог бүтээе!
Хүндэтгэсэн,
Европын Монголчуудын Волейболын Холбоо


