Волейболын үүсэл хөгжил, түүхэн үйл явц

Волейболын спорт үүсч хөгжих эхлэл анх 1895 онд тавигдсан бөгөөд АНУ-ыг “Волейболын эх орон” гэж үздэг. Волейбол нь эхлээд бөмбөгтэй хөдөлгөөнт тоглоомын хэлбэрээр бий болсон байна.Түүнийг анх үүсгэн сэдэгч нь АНУ-ын Массачусетс мужийн Холиок хотын биеийн тамирын коллежийн багш Виллъям Дж Морган гэдэг хүн юм. В.Морган тухайн үедээ хэрэглэл материал, төсөв хөрөнгө бага зарах тийм энгийн тоглоом бий болгохыг зорьсон байна.

Тухайн үед нийт олны дунд хамгийн их түгсэн сагсан бөмбөгийг сайн тоглож сураагүй дунд эргэм насны бизнесменүүдэд зориулж В.Морган энэ тоглоомыг сэдсэн гэсэн аман яриа байдаг юм.

В.Морган 1895 онд газрын теннисний торыг 197 см-ийн өндөрт татаж дээгүүр нь сагсан бөмбөгөөр нөхдийнхөө хамт тоглож эхэлсэн гэдэг. Гэвч сагсан бөмбөг нь маш хүнд, гарыг өвтгөж байсан учраас бөмбөгний резинэн дотроор тоглох санааг сэджээ.

Бас тэр нь хэт хөнгөдөж хурууны үзүүр төдийхнөөр ойдог байсан тул хуучирч элэгдсэн хөл бөмбөгийг ашигласан байна. Уг бөмбөг нь одоогийн волейболын бөмбөгтэй ойролцоо жин, талбайтай байв.

Өөр нэг эх сурвалжид: Америкийн орон нутгийн гал сөнөөгчид хоёр шонгийн хооронд хэц татаж, дээгүүр нь резинэн бөмбөгөөр тоглож эхэлсэн гэж тэмдэглэжээ.

Эдгээр үйл явдлыг волейбол хэмээх спорт тоглоомын эх үүсвэр байжээ гэж үздэг.

В.Морган хэдэн ч хүн тоглож болдог энэ тоглоомоо “Минтонет” гэж нэрлэжээ. АНУ-ын Спрингфилд хотноо 1896 онд зохиогдсон Загалмайтан залуучуудын холбооны бага хурлын үеэр минтонетийг олон түмэнд анх удаа тоглож үзүүлсэн байна. Тоглоомын гол санаа нь бөмбөгийг гараараа цохин тор давуулах ёстой байв. Энэ үеэс профессор Альфред Хальстедийн санал болгосноор уг тоглоомыг “Волейбол” буюу “Нисдэг бөмбөг” гэж нэрлэх болжээ.

Волейбол нь сагсан бөмбөг, бейсбол, талбайн теннис, гандболын спортын техникийн элементүүдээс бүрдсэн нарийн нийлмэл цогц үйлдлийг шаарддаг спортын төрөл юм.

АНУ-д 1897 онд 10 зүйлээс бүрдэх волейболын анхны дүрэм боловсруулагдаж үүнд дараах зүйлүүд тусгагджээ.

                Талбайн тэмдэглэгээ

                Тоглолтод хамаарагдах бусад зүйл

                Талбайн хэмжээ 7,6 х 15,1 м

                Тор /сетка/-ны өргөн, урт нь 0,61 х 8,2 м, өндөр нь 198 см

                Бөмбөгийг шир ба резинээр хийнэ. Бөмбөг бүсэлхийгээрээ 63,5- 68,5 см, хүнд нь 340 гр байна

                Давуулахдаа тоглогч нь нэг хөлөөрөө нүүрийн шугам дээр гишгэн гараа сарвайлган бөмбөгийг алгадаж гүйцэтгэнэ. Хэрэв давуулалтыг алдвал дахин гүйцэтгэнэ

                Оноог өөрийн давуулалтын үед авна

                Тоглолтын үед бөмбөг торонд хүрвэл алдаанд тооцно

                Бөмбөг шугаман дээр тусбал алдаанд тооцно

                Тоглогчдын тоог хязгаарлахгүй гэх мэт зүйлүүд заагдсан байна.

1900 онд Америкийн “Спальдинг” пүүс анхны волейболын бөмбөгийг үйлдвэрлэсэн бөгөөд волейбол нь энэ оноос Төв болон Өмнөд Америк, Канадад өргөн дэлгэрчээ.

1913 онд Филиппин улсын Манила хотод зохиогдсон Алс Дорнодын тоглолтын хөтөлбөрт волейболыг оруулснаар Азид волейбол хөгжих эхлэл тавигджээ. Европ тивд волейболыг дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн Америкийн цэргийн хайгуулын ангийнхан нэвтрүүлсэн гэж үздэг. Дайн дууссаны дараагаар волейболын спорт Европт эрчимтэй хөгжиж эхэлсэн байна.

Волейбол 1917-1925 оны хооронд АНУ, Мексик, Бразил, Япон, Хятад, Куба, Солонгос, Франц, Чехословак, Польш, Румын улсуудад маш өргөн дэлгэр хөгжиж эхэлжээ.

ЗХУ-д Октябрийн хувьсгал ялсаны дараа 1920-1926 оны үед волейбол Дундад Волгийн район, Москва, Ар Кавказ, Украин, Алс Дорнодод өргөн дэлгэрэв.

АНУ-д 1922 онд зохиогдсон волейболын албан ёсны тэмцээний дараа түүнийг зуны VII олимпын наадмын хөтөлбөрт оруулах санал тавигдсан боловч зөвшөөрөгдөөгүй байна. Үүнээс хойш 35 жилийн дараа 1957 онд Олон улсын олимпын хорооны 53 дугаар чуулганаар олимпын хөтөлбөрт волейболыг оруулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэр Японы Токио хотод 1964 онд болсон XVIII олимпын наадмын албан ёсны хөтөлбөрт орсоноор хэрэгжиж эхэлсэн байна.

Волейболын хөгжлийн явцад тоглолтын дүрэм нь өөрчлөгдөж, улам боловсронгуй болсоор байв. Жишээ нь:

                1900 онд – нэг ээлжийн тоглолтыг 21 оноогоор явуулах, торны өндөр 213 см, шугамын өргөн нь талбайн хэмжээнд орох;

                1912 онд – талбайн хэмжээ 10,6х 18,2 м, торны өндөр 228 см, торны өргөн нь 91 см, давуулалт алдсаны дараагаар давуулагч тоглогч солигдох гэх мэт;

                1917 онд – торны өндөр 243 см, нэг ээлжийн тоглолт 15 оноо автал үргэлжлэх;

                1918 онд – Багийн бүрэлдэхүүнийг 6 хүнээр хязгаарлах;

                1921 онд – Талбайг дунд шугамаар 2 тэнцүү хэсэгт хуваах;

                1922 онд – Нэг баг талдаа бөмбөгийг 3-аас илүүгүй удаа авах;

                  1923 онд-Талбайн хэмжээ 9,1м х 18,2 м,

                1925 онд-оноо 14:14 болох үед аль нэг багийг 2 оноо илүү автал тоглолтыг үргэлжлүүлэх гэх мэт өөрчлөлтүүд орж байжээ.

Волейболын дүрэмд ийнхүү өөрчлөлт орохын зэрэгцээ тоглолтын техник, тактик тодорхой үе шаттайгаар боловсронгуй болж байлаа. Волейбол хөгжлийнхөө эхний үед хүмүүсийн идэвхтэй амралт, зугаалганд хэрэглэгддэг байсан ба талбайд 8-9 хүн тоглодог учраас бөмбөг унах зай гардаггүй, тоглолт нь удаан хугацаагаар үргэлжилдэг байв.

Сүүлдээ багийн тоглогчдын тоог цөөрүүлснээр талбай дахь өрсөлдөөн нэмэгдэж эсрэг багаа ямар нэг байдлаар алдуулах аргыг эрж хайх болжээ. Үүнээс эхлэн бөмбөгийг торон дээгүүр довтолж цохих арга бий болсон байна. Баг өөрийн талдаа бөмбөгөнд 3-аас илүүгүй удаа хүрэх болсон тэр үеэс техникийн бие даасан хэсгүүд бий болж 3 дахь хүрэлт нь довтлох цохилт болон хувирчээ.

Ийнхүү 1928 он гэхэд техникийн аргууд /давуулалт, дамжуулалт, цохилт/ өөрийн гэсэн хэлбэрээ олж, үүний зэрэгцээ хаалт тавих арга шинээр гарчээ.

1929-1939 онуудад бүлгээр тавих хаалт анх дэлгэрч энэ нь довтлох цохилтын хөгжилд эерэгээр нөлөөлсөн байна. 1934 онд Швед улсын Стокгольм хотноо болсон олон улсын спортын холбоодын төлөөлөгчдийн зөвлөлгөөнөөр волейболын техникийн комиссыг байгуулах санал дэвшүүлжээ.

1936 онд Берлинд болсон зуны ХI олимпын наадмын тоглолтын үеэр уг санал зөвшөөрөгдөж, комиссын анхны даргаар Польшийн волейболын холбооны дарга Равич Масловски сонгогдсон байна.Комисст Европын 13, Америк тивээс 5, Азиас 4 улс оржээ. Энэ комисс Америкийн дүрэмд зарим нэг өөрчлөлт оруулан мөрдөхөөр шийдвэрлэв. Үүнд:

       Бөмбөгөнд бүсэлхийнээс дээш хүрэхийг зөвшөөрөх

       Бөмбөг хаасан хүн дахин хүрэхийг хориглох

       Эмэгтэйчүүд 224 см өндөртэй торон дээгүүр тоглох

       Давуулалтыг тодорхой нэг байрнаас гүйцэтгэх зэрэг өөрчлөлт оржээ.

        –         1951 онд Францын Марсель хотод болсон олон улсын волейболын холбооны /ОУВХ/ их хурлаар олон улсын албан ёсны дүрмийг баталсан. Тоглолтын дүрэм улам боловсронгуй болон өөрчлөгдсөөр байлаа. Үүнд:

        –         1937 онд довтолгооны шугамыг бий болгосноор нэг тоглогч /довтлогч/ талбайд голлох үүрэгтэйгээр оролцдог байсан нь хязгаарлагдаж багт 2 буюу түүнээс олон довтлогч шаардлагатай болжээ.

        –         1947 оноос эрэгтэй багуудын тэмцээнийг 5 ээлжийн тоглолтоор явуулах, давуулах байр нь нүүрийн шугамын баруун хэсэгт байх, бөмбөгийг гарнаас салгахгүй давуулахыг хориглох, багт 5 тоглогч тоглохыг зөвшөөрөхгүй, заавал 6 тоглогчтой байх.

        –         1950 оноос эмэгтэйчүүдийн тоглолт эрэгтэйчүүдийн нэг адил 5 ээлжээр явагдах

        –         1952 оноос ээлжийн тоглолт бүрийн завсарлагын тоо 3 байсныг 2 болгосон.

        –         1957 оноос нэг удаагийн завсарлага авах хугацааг 30 секундээр тогтоосон.

        –         1961 оноос нэг ээлжийн тоглолтод үндсэн тоглогчийг 6 орлон тоглогчоор сольж /сэлгэж/ болох.

        –         1965 оноос торон дээгүүр гар давж хаахыг зөвшөөрөх, хаалт тавьсан тоглогч дахин бөмбөгөнд хүрэх. Энэ нь шүүгчийн шүүлтийн ажиллагааг хөнгөвчилж өгсөн.

        –         1970 оноос торны уртыг хязгаарласан “2 антенна” / хязгаарлагч саваа/ бий болсон.

        –         1976 оноос давуулалтыг хаах, тоглогч хаалт тавьсны дараа тухайн багийн тоглогчид талдаа дахин 3 удаа авах, тоглолтыг 3 бөмбөгөөр явуулах зэрэг өөрчлөлтүүд орсон байна.

        –         1988 оноос түрүүлж 15 оноо авсан багийг тоглолтод хожсон гэж үзнэ. Гэхдээ өрсөлдөгч багаасаа дор хаяад 2 оноогоор илүү байна. Оноо 14:14 болсон тохиолдолд 2 оноогоор              /16:14, 17:15 гэх мэт/ илүү гарсан багийг ээлжийн тоглолтод хожсонд тооцно. Ээлжийн тоглолт бүрийн оноо 17-оор хязгаарлагдана. Оноо 16:16 болсон тохиолдолд 17 дахь оноог эхэлж авсан баг ээлжийн тоглолтод хожно. Ээлжийн тоглолтын харьцаа тэнцэж 2:2 болсон үед шийдвэрлэх тоглолтыг/ 3 дахь ба 5 дахь/ “Тай -Брейк” систем буюу алдаа гаргах бүрт оноо тооцогдох журмаар явуулна. Шийдвэрлэх ээлжийн тоглолтод бөмбөг хожсон баг бүрт оноо нэмнэ. Бөмбөг давуулж байгаа баг оноо авбал давуулалтыг дахин гүйцэтгэнэ. Давуулсан бөмбөгийг хүлээн авч байгаа баг оноо хожвол давуулалт гүйцэтгэх эрхтэй болно.

        –         1992 оноос эхний дөрвөн ээлжийн тоглолтод онооны дээд хязгаар 17-оос хэтрэхгүй өөрөөр хэлбэл оноо 16:16 харьцаатай болсны дараа 17 дахь оноог эхэлж авсан баг нь ганц онооны давуугаар тухайн ээлжийн тоглолтод хожно. Шийдвэрлэх ээлжийн тоглолтод оноо 14:14 харьцаатай үед тоглолтыг хоёр онооны зөрүүтэй хожих хүртэл үргэлжлүүлнэ. Оноо хязгааргүй үргэлжилнэ гэсэн үг. Тоглолтын явцад тоглогчийн өвдгийг оролцуулан түүнээс дээшхи биеийн аль ч хэсэгт бөмбөг хүрэхийг зөвшөөрнө.

        –         1994 оноос давуулалтын бүс нүүрийн шугамын өргөнтэй адил хэмжээтэй байх. Хөлийг оролцуулаад биеийн аль ч хэсэгт бөмбөг хүрэхийг зөвшөөрөх.

        –         1996 оноос аль нэг багийн оноо 5 юмуу 10 болох үед тоглолтыг зогсоож, хоёр багт “Техникийн завсарлага” гэж нэрлэгдэх нэг минутын хугацаатай амралт өгөх.

        –         1999 оноос тоглолтын аль ч үед талбайн арын бүсэд тоглох чөлөөт хамгаалагчийг “Либеро” бий болгох. Шийдвэрлэх ээлжийн тоглолтоос бусад ээлжийн тоглолтууд 25 оноогоор “Тай-Брейк” системээр явагдах.

Дүрмийн энэ бүх өөрчлөлтүүд волейболын спортыг улам сонирхолтой, үзүүштэй болгон, сонирхогчдын хүрээг тэлэх, цаг хугацаа хэмнэж, телевизийн сурталчилгааг өргөн явуулахад чиглэгдсэн байна.

Волейболын спортыг аль болох нийтлэг хөгжүүлэх зорилгоор дэлхийн улс орнууд өөр өөрийн дүрмээр тэмцээн уралдааныг явуулж иржээ.

Жишээ нь: Япончууд дээр үед улсын аваргын тэмцээнээ “Азийн” дүрмээр тухайлбал: намхан торон дээр /эмэгтэй 2 м, эрэгтэй 2,3 м/, том талбайд /21х10,5 м/ олон хүнтэй /9 хүн/ байр шилжилт хийхгүйгээр, бөмбөг дамжуулахдаа барилттай авахыг зөвшөөрөх,

АНУ, Бразилид амралт, зугаалгын газруудад олон хүнийг богино хугацаанд хамруулах зорилгоор нэг багийг 2-3 хүнээр бүрдүүлж, багасгасан талбайд олимпын системээр нэг ээлжээр тэмцээн явуулах

Финлянд, Япон зэрэг улсуудад 40-өөс дээш насны ахмадуудын аварга шалгаруулах тэмцээн зохиох гэх мэт.

Сүүлийн үед ихэнхи улс орнууд бага насны хүүхдүүдийн дунд мини- волейболыг өргөн дэлгэр хөгжүүлж байна.

Мини-волейбол нь багасгасан талбайд, намхан торон дээр, хөнгөн жинтэй бөмбөгөөр, хялбаршуулсан дүрмийн дагуу явагддаг бага насны хүүхдэд зориулагдсан волейболын тоглолт юм.

Зүүн Өмнөд Азийн зарим орон, тухайлбал, Малайз, Индонези, Тайландад гараар биш хөлөөрөө цохидог, харин эсрэг багийнхан бөмбөгийг толгойгоороо буюу хөлөөрөө хүлээн авч тоглодог волейбол /footvolley/ дэлгэрчээ. Тоглолтод тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй 2 баг оролцоно. Талбайн хэмжээ нь бадминтоны талбайтай адил байна. Оноо авах, бөмбөгөнд хүрэх тоо нь ердийн волейболтой ижил юм.

Эх сурвалж: Mongolian VB