ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГЫН ТЭМЦЭЭН ПРАГА ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

“Европын Монголчуудын волейболын аварга шалгаруулах IX удаагийн тэмцээн” Чех улсын нийслэл Прага хотын “Sportovní Centrum Řepy” спортын цогцолборт 2023 оны 10-р сарын 13-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж олон олон онцлогоор дүүрэн өндөрлөлөө.
9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Чех, Австри, Швед, Швейцар, Герман, Бельги, Ирланд, Финланд, Испани болон Англи улсуудаас эрэгтэй, эмэгтэй нийт 38 багийн 400 гаруй тамирчид оролцлоо. Уламжлалт IX тэмцээнийг Чехийн Монголчуудын “ILT” TEAM, „Европын Монголчуудын Волейболын холбоо“- ерөнхий зохион байгуулагчаар ажиллалаа.
Европ дахь Монголчуудын дунд жил бүр зохиогдож ирсэн Европын Монголчуудын аварга шалгаруулах волейболын 9 дэх удаагийн тэмцээнийг, зориг гарган гардан авч, амжилттай зохион байгуулсан БНЧУ-ын хамтач️, нийтэч, чадварлаг, зохион байгуулагч, үлгэр дуурайлтай, эерэг, зөв залуусын нэгдэл ILT TEAM-ын бүх тамирчид, залуучууд, тэднийхээ ар гэрт юуны өмнө чин сэтгэлийн халуун баярыг хүргэж талархал илэрхийлье.
Элчин сайд Д.Гансүх тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, хүрэлцэн ирсэн баг тамирчид, хөгжөөн дэмжигч Монголчууддаа улс эх орныхоо нэр төрийг үргэлж эрхэмлэн дуурсгаж явахыг хүсэж, эх түүх, өв соёлоороо бахархаж явахын зэрэгцээ идээшин суурьшсан газар орныхоо ёс заншил, соёл уламжлалыг хүндэтгэж, хууль журмыг чандлан сахиж, “Усыг нь уувал ёсыг нь дагадаг” монгол сайхан ёсыг сэтгэлдээ үргэлж тээж явахыг уриалсныг энд дахин дурдахад таатай байна.
Тэмцээнийг бүх талаар дэмжиж оролцсон Монгол улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны хамт олон, МВХ-ны Европ дахь салбар ЕМВХ -ны үйл ажиллагааг дэмжиж улсын зэрэгтэй 2 шүүгч илгээн хамтран ажилласан МВХ-ны ерөнхийлөгч Ц.Чингарьд болон холбооны хамт олонд талархал илэрхийлье.
Тэмцээнд хүрэлцэн ирж оролцсон Европын 10 улсын 38 багийн нийт тамирчид дасгалжуулагч нартаа, амжилттай зохион байгуулахад оролцсон Чехийн нийт Монголчуудын болон тэмцээнийг зүрх сэтгэлээсээ дэмжиж ивээн тэтгэсэн хувь хүмүүс, байгууллага бүрд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Түүнчлэн Бие сэтгэл, оюун ухаан, мэдлэг бүхнээ дайчлан байж хоёргүй сэтгэлээр бэртсэн, гэмтсэн, өвдсөн зовсон бүхэнд анхны тусламж, зөвлөгөө үзүүлсэн сайхан сэтгэлт, алтан гарт эмч Б.️Батбаяртаа, тоглолт бүрийг дэнслэн шүүсэн Монгол улсын шүүгч Х.Золдэлгэр, Монгол улсын шүүгч М.Одхүү, Чех улсын шүүгчид Cucova, Schwarcova, Knapova, Koukal болон шүүгчдийн маань баруун, зүүн гар болсон тусалж ажилласан охид, залуустаа, тэмцээний нээлт, хаалт, хүндэтгэлийн цэнгүүнийг хөтөлж, хөглөж үгийн сайн, ая дууны цоглог эрчмээр хөгжөөсөн нийт уран бүтээлчдэдээ, хөгжим, гэрэлтүүлэг чимэглэл, заалны зохион байгуулалт, тэмцээний багуудын пайзнаас эхлээд хяналт, цэвэрлэгээ, хоол унд үйлчилгээ, техникийн нөр их ажлуудыг бахархам хариуцлагатай зохион байгуулсан нийт залуустаа Европын Монгол Волейболчдын нэрийн өмнөөс баяр талархалаа онцгойлон хүргэе.
Ингээд бидний түүхийн алтан хуудаснаа, та бидний дурсамжид үүрд хадгалагдан үлдэх энэхүү тэмцээний дүнг та бүхэндээ хүргэж байна.
Эрэгтэй насанд хүрэгчдийн ангилалд Алтан медаль, Цомын эздээр с/м Золмандах дасгалжуулагч, с/м Батцоож ахлагчтай Бельги Улсын Belgium баг, Мөнгөн медалийн эздээр Шинэбаяр ахлагчтай Швед улсын Сүлд баг, Хүрэл медалийн эздээр Батмөнх дасгалжуулагч, Өсөхбаяр ахлагчтай Чех улсын EMUST баг тус тус шалгарлаа.
Эмэгтэй насанд хүрэгчдийн ангилалд аваргын Алтан медаль, Цомын эздээр Б.Баярмаа ахлагчтай Ирланд улсын MGL баг, Мөнгөн медалийг Ангар дасгалжуулагч, Одгэрэл ахлагчтай Герман улсын Цог клубийн баг, хүрэл медалийг Батжаргал дасгалжуулагч, Тэргэл ахлагчтай Австри улсын Club WIN баг тус тус хүртлээ.
Эрэгтэй Мастер/Ахмад/ ангилалд Алтан медаль, Цомын эздээр Батзориг ахлагчтай Швед Улсын Илч баг, Мөнгөн медалийг Жавхлан ахлагчтай Euro MGL баг (Чех, Бельги, Австри, Швед, Германы хамтарсан), Хүрэл медалийг Нямрагчаа дасгалжуулагч, Жигүүр ахлагчтай Бельги улсын баг тус тус эзэллээ.
Харин Эмэгтэй Мастер/Ахмад/ ангилалд Алтан медаль Цомын эздээр Эрдэнэбайгаль ахлагчтай Испани улсын баг, Мөнгөн медалийг Дашдорж дасгалжуулагч, Эрдэнэчимэг ахлагчтай Германы Цог I баг, Хүрэл медалийг Уламбаяр дасгалжуулагч, У.Отгон-Эрдэнэ ахлагчтай Ирланд улсын баг тамирчид тус тус эзлэв.
Ангилал бүрт шалгаруулсан шилдэгүүдийг дурдвал:
Насанд хүрэгчдийн эмэгтэй ангилалд
Шилдэг холбогч: Б.Баярмаа / Ирланд /
Шилдэг хамгаалагч: С.Соддэлгэр / Австри WIN /
Шилдэг довтлогч: Л.Шижиртуяа / Герман Цог /
Тэгш тоглогч: Б.Дөлгөөнмаа / Ирланд /
Насанд хүрэгчдийн эрэгтэй ангилалд
Шилдэг холбогч: Ч.Баттөгс/ Бельги/
Шилдэг хамгаалагч: Э.Энхбат / Чех EMUST /
Шилдэг довтлогч: н.Алтангэрэл / Швед Сүлд/
Тэгш тоглогч: Э.Энхтөр / Бельги /
Мастер эмэгтэй ангилалд
Шилдэг холбогч: Г. Үүрцайх/ Испани /
Шилдэг хамгаалагч: Б.Туул / Ирланд /
Шилдэг довтлогч: Ч.Халиун / Герман Цог /
Тэгш тоглогч: У.Эрдэнэбайгаль / Испани /
Мастер эрэгтэй ангилалд
Шилдэг холбогч: Ц. Мягмарсүрэн/ Швед Илч /
Шилдэг хамгаалагч: Б.Төрбат / EU MGL /
Шилдэг довтлогч: В.Жигүүр / Бельги Сүлд /
Тэгш тоглогч: Н.Юндэндорж / Швед Илч /
Өсөх ирээдүйтэй шилдэг тамирчнаар Ж. Гарьдыг /Австри/ шүүгчдийн бүрэлдэхүүн санал нэгтэй тодруулсан байна.
Тэмцээний нийт шилдгүүддээ Монголын Волейболын холбооноос хүндэтгэлийн Өргөмжлөл гардуулсан бол тус тэмцээний хамгийн ахмад тамирчнаар Цанын спортын мастер Ж.Дашдорж оролцсон явдалд талархал илэрхийлж, тэмцээний дурсгалын медалийг гардуулав.
Тэмцээний журам ёсоор тамирчдын шагналын санг нийт багуудын хураамжийн 65%-р тогтоосон бөгөөд 1-р байр эзэлсэн эрэгтэй эмэгтэй насанд хүрэгчдийн ангилалт 875 еврогийн мөнгөн шагнал, 2-р байранд 525 евро, 3-р байранд 350 евроны мөнгөн шагнал тус тус дагалдав. Харин Мастер ангиллын 1,2,3-р байруудад 450, 350, 300 евро, мастер эмэгтэй ангиллын 1,2,3-р байрыг 650, 450, 300 еврогийн мөнгөн шагнал тус тус дагалдав.
Энэ жилийн тэмцээнээс эхлэн албан ёсоор оролцож буй нийт тамирчид ЕМВХ гишүүнчлэлийн хураамж төлж, гишүүнчлэлийн бүртгэлд хамрагдаж эхэлсэн онцлогтой байв. Бид гишүүдийн бодит мэдээлэл, бүртгэлтэй байснаар урт болон дунд хугацаандаа ЕХ-ны СПОРТЫН аливаа төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах бэлтгэл ажлаа эхлүүлж буй зөв зүйтэй алхам болж буйд баг тамирчид санал нэгтэй хүлээн авч, дэмжин оролцсонд дахин талархлаа илэрхийлье.
Тус лицензийн төлбөр уламжлалт тэмцээн зохион байгуулагдах зардалд дэмжлэг үзүүлэх, холбооны тогтвортой үйл ажиллагааны зардал, ЕВХ-ны тэмцээний хуримтлал үүсгэхэд зарцуулагдах болно. ЕМВХ-ноос 9-р тэмцээний хувьд Зохион байгуулагч ILT Team-д дэмжлэг үзүүлэн МВХ-ны 2 шүүгчийн виза, унааны зардал, 3-өдрийн цалинг мөнгөн хэлбэрээр, тэмцээний цом, медаль, өргөмжлөл, анонс, тоглолтын болон бие халаалтын бөмбөгийг ивээн тэтгэгчдээр дамжуулан шийдвэрлэсэн болохыг дуулгахад таатай байна.
Хэдийгээр гурван өдөр үргэлжилсэн боловч багуудын тоо олон, өрсөлдөөн энэ тэнцүү тоглолтууд явагдаж Аваргын төлөөх тоглолтууд урьдчилан тооцоолсноос удаан үргэлжилсэний улмаас тэмцээний зааландаа Медаль гардуулах үйл ажиллагаагаа явуулж чадаагүйд Холбооны нэрийн өмнөөс нийт тамирчдаасаа хүлцэл эрье. Мөн тэмцээний үеэр ирүүлсэн санал хүсэлт, гомдлуудад зохих хариуг хүргэх ба бид цаашдын үйл ажиллагаандаа алдаа оноогоо дүгнэн улам бүр хичээн ажиллахаа үүгээр мэдэгдэж байна.
Ирландын Монголчуудаа төлөөлөн маань энэхүү тэмцээндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 5 баг хүрэлцэн ирж оролцсонд талархалаа илэрхийлээд танай хамт олонд эв нэгдэл, спортын өндөр амжилт онцгойлон хүргэе.
Хурваст тэнгэр ивээлдээ багтаан намрын налгар өдрүүдэд болсон тэмцээн маань стандартын бүхий л шаардлага хангасан спорт цогцолборт явагдсан ба зохион байгуулагч нараас Зөв Монгол хүн уриан дор байгаль орчиндаа ээлтэй шийдэл, хог хаягдал бага гаргаж, тамирчиддаа усны цэгүүд байрлуулсан нь бахаршуултай үйлдэл болсонийг энд цохин тэмлэглэх нь зүйтэй юм.
Бүхий л хугацаанд цаг зав, сэтгэл бүхнээ зориулан ажилласан Чехийн ILT Team ийн манлайлагчид болох Цасцэцэг, Оогий, Номин Tsastsetseg Maarsh Ogi Benešová Nomin Tumurbaatar нартаа болон нэрийг нь хараахан тогтоож амжаагүй олон олон асаалттай танк, арын бат хана хэргэмүүддээ дахин талархлаа илэрхийлээд та бүхэндээ аз жаргал, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Тэмцээний хаалт, талархалын баярын цэнгүүнд тамирчдынхаа урам зориг, эрч хүчийг улам бадраан, тэмцээнээ дүнгэж, хамтдаа нэгэн оройг мартагдашгүй дурсамжаар хөглөн өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, бүхий л насны тамирчид, Монголчуудынхаа бүгдийн сэтгэлд хүрсэн цэнгүүнийг зохион байгуулсан чадварлаг уран бүтээлчид, DJ, техникийн албаныхандаа нийт тамирчдынхаа өмнөөс дахин талархалаа илэрхийлье.
Ирэх жил 2024 онд Европын Монголчуудын волейболын 10 дахь удаагийн Тэмцээн Бельги улсад зохион байгуулах хүсэлтээ ирүүлснийг Европ дахь Монголчуудын Волейболын холбооны Удирдах зөвлөл хүлээн авч хэлэлцээд эрхийг олгож шийдвэрлэв.
Европын Монголчуудын Волейболын холбооноос хамтран ажиллах, УЗ-д болон ажлын хэсэгт оролцох боломж бүр гишүүдэд нээлттэй байгааг дахин илэрхийлье. Бид удахгүй манай тэмцээний Ивээн тэтгэгч байгууллага хувь хүмүүсийн мэдээлэл, талархал, танилцуулга болон тэмцээний Зургийн цомог, бичлэгийг та бүхэндээ тусгайлан хүргэх болно.
Ирэх жилийн уламжлалт тэмцээнээрээ Бельги улсад дахин баяртай уулзацгаая.
Биеийн тамир Мандтугай.
Европын Монголчуудын Волейболын Холбоо