Товч түүх

2006 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн Бельгийн монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээний туршлага, сууринд үндэслэн Бельгийн монголчуудын “СҮЛД” холбоо Европ дахь монголчуудын дундах волейболын аварга шалгаруулах анхны тэмцээнийг санаачлан зохион байгуулсан юм.

Тус тэмцээн нь Belgium Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2013 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд Бельги улсын Herentals хотод амжилттай болж өнгөрсөн.

Европ дахь монголчуудыг спортын талбарт ойртуулан танилцуулах, волейболын спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, хүүхэд залуусыг энэ спортод уриалан дуудах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан уг анхны тэмцээнд Европын 8 орноос (Австри, Чех, Франц, Герман, Нидерланд, Швед, Англи, Бельги) нийт 18 баг оролцсон байна.

Анхны тэмцээний ерөнхий шүүгчээр волейболын спортын мастер Донровын Ганбаатар, талбайн шүүгчээр Л.Баярхүү (Хөдөлмөр) нар ажилласан. Олон орны баг, тамирчид өргөнөөр оролцсон нь зохион байгуулагчид болон оролцогчдод гүн сэтгэгдэл төрүүлж, цаашид уламжлал болгон зохион байгуулах бат бөх суурийг тавьсан юм.

Тэмцээний ач холбогдлыг үнэлэн Монголын Волейболын Холбоо мэндчилгээ ирүүлж байсан бөгөөд 2017 онд Бельгийн монголчуудын “СҮЛД” холбоог албан ёсоор салбар үйл ажиллагаа явуулах эрх бүхий холбоо хэмээн хүлээн зөвшөөрч батламж гардуулснаар хамтын ажиллагаа албан ёсны шатанд шилжсэн.

Бельгийн монголчуудын “СҮЛД” холбоо нь Монголын Волейболын Холбооны Европ дахь салбар зөвлөлийг хариуцан ажиллах хүрээнд санаачилга гарган 2019 онд Европ дахь салбар зөвлөлийн анхдугаар хурлыг зохион байгуулсан. Анхны чуулганд Англи, Ирланд, Франц, Герман, Чех, Швед, Бельги улсаас 25 төлөөлөгч оролцож, холбооны дүрмийг баталж, тэргүүнээр волейболын спортын мастер Г.Нямрагчаа, Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Төгс-Отгон нарыг сонгон ажиллуулжээ.

Анхны Удирдах зөвлөлд буюу 2019–2022 оны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд С/М Г.Нямрагчаа – Тэргүүн, Д.Төгс-Отгон – Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Б.Төрбат, (Чех), С/М Г.Сэр-Од (Швед), ОУХМ М.Отгонбаяр (Англи), П.Нямцэцэг (Герман), н.Отгон (Чех), н.Ариунсан (Швед), н.Өрнөл (Ирланд), С/М н.Батчулуун (Унгар), н.Гантуяа (Франц) ажилласан бол ажлын албанд Санхүү П.Нямцэцэг, Мэргэжлийн алба: Б.Төрбат, Г.Сэр-Од, М.Отгонбаяр, Мэдээллийн алба: н.Өрнөл, н.Батчулуун нар тус тус ажиллажээ.

Тус бүрэлдэхүүн нь холбооны үйл ажиллагааны суурийг бататган, Европ дахь салбар зөвлөлийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэн амжилттай ажилласан байна.

2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Европын Монголчуудын Волейболын Холбооны хоёрдугаар чуулган цахимаар зохион байгуулагдаж, дүрмийг шинэчлэн баталж, шинэ Удирдах зөвлөл болон шинэ тэргүүнийг сонгосноор үйл ажиллагааны дараагийн шат эхэлсэн.

2023–2025 оны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд:

  • Тэргүүн: Нямрагчаа Золбоо (Бельги)
  • Ерөнхий нарийн бичгийн дарга: Бэлэгбадрах Энхтүвшин (ХБНГУ)
  • Гишүүд: Нэргүй Мөнх-Эрдэнэ (Швед), Алтантуул Даваасумьяа (Австри), Чулуунбат Баттөгс (Бельги), Нямрагчаа Золмандах (Бельги), Сүрэнхор Уламбаяр (Ирланд) / Баянбат Мөнхзориг (Ирланд), Маарш Цасцэцэг (Чех) / Ганбаатар Номин (Чех) нар ажилласан байна

2023 онд Холбоо Монгол Улсад албан ёсоор бүртгэгдэж, мөн Бельгийн Вант Улсад бүртгэлээ баталгаажуулснаар Европын улс орнуудад үйл ажиллагаагаа хууль эрх зүйн хүрээнд албан ёсоор хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Мөн Монголын Волейболын Холбооноос салбар холбоо болохыг албан ёсоор баталгаажуулан батламж гардуулжээ.

2023–2025 онд хэрэгжүүлсэн ажлуудаас товч дурдвал:


Эрх зүйн бүртгэл, зохион байгуулалтын шинэчлэл хүрээнд:

– Европын Монголчуудын Волейболын Холбоо Монгол Улсад албан ёсоор бүртгэгдэж, мөн Бельгийн Вант Улсад бүртгэл баталгаажсанаар Европын улс орнуудад үйл ажиллагаагаа хууль эрх зүйн хүрээнд албан ёсоор явуулах боломж бүрдсэн.

– Уламжлалт Аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтад шинэчлэл хийж, бүх ачаалал зохион байгуулагч улсад төвлөрдөг байдлыг өөрчилсөн.

– Тэмцээний ерөнхий зохион байгуулалтыг зохион байгуулагч улс, Харин тэмцээний явц, техникийн зохион байгуулалт, дүрэм, кодекс, шүүлтийг ЕМВХ хариуцан явуулах тогтолцоог нэвтрүүлсэн.

– Тэмцээнийг зохион байгуулах үндсэн журмыг батлан хэрэгжүүлж эхэлсэн.

– 2023 онд Прага хотод болсон 9-р тэмцээнд Монголын Волейболын Холбоо албан ёсоор шүүгчид илгээж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.

– ЕМВХ-ны ивээл дор анхны анхан шатны шүүгчийн сургалтыг Прага хотод зохион байгуулсан.

– Европ дахь Волейболын спортоор хичээллэгч, сонирхогч нарт зориулан явуулсан цахим өдөрлөг зохион байгуулсан ба тус өдөрлөгөөр Монголын Волейболын холбооноос дамжуулан бидний хүсэлтийг хүлээн авч Европ дахь Монголчууддаа Сонирхолтой илтгэлүүд тавьсан МВХ, Олон улсын шүүгч Г.Золбаяр болон МҮОХ-ны гишүүн, Монголын Олимпын Түүх Судлалын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Ж.Баасанхүү нар оролцож „Олон улсад болон Монгол улсад баримталж буй дүрэм, онцлог, шинэ өөрчлөлт“ сэдвээр илтгэл тавьжээ.

– Холбооны вебсайт, Facebook, Instagram хуудсуудыг тогтмол ажиллуулж эхэлсэн, Цаашид статистик болон тамирчдын амжилтын архив үүсгэх эхлэлийг бүрдүүлсэн.

– ЕМВХ- ны тэргүүн Н.Золбоо Швейцарь улсад байрлалтай Олон Улсын Волейболын Холбоон дээр 2024 оны 8 сарын 23-нд очиж албан ёсны уулзалт хийж, залуучууд хүүхдүүдийг дэмжиж ажиллах төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар болов.

Одоогоор Европт тогтмол оролцдог 200 гаруй тамирчнаас 40 нь спортын зэрэг цолтой байна. 2025 оны тэмцээнд 5-аас дээш удаа оролцсон тамирчид нийт оролцогчдын 40%-ийг бүрдүүлсэн нь тэмцээний тогтвортой байдлыг харуулж байна.

Европын Монголчуудын Волейболын Холбооны бүх гишүүдийн ээлжит чуулган 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж, 2026–2028 онд ажиллах шинэ Удирдах зөвлөлийг сонгов.

2026–2028 оны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн

Тэргүүн:
Лхагва овогтой Оюунхүү (Швейцар)

Ерөнхий нарийн бичгийн дарга:
Чулуунбат овогтой Баттөгс (Швейцар)

Удирдах зөвлөлийн гишүүд:

  • Уртжаргал овогтой Отгон-Эрдэнэ (Чех)
  • Мөнхбат овогтой Өсөхбаяр (Чех)
  • Хатанбаатар овогтой Мөнхжавхлан (Испани)
  • Баянбат овогтой Мөнхзориг (Ирланд)
  • Наранбаатар овогтой Анударь (Унгар)
  • Батмагнай овогтой Анар (Франц)
  • Цэрэнгаваа овогтой Ангар (Герман)
  • Мөнхтөр овогтой Ану (Англи)
  • Чулуунбат овогтой Батцоож (Бельги)
  • Отгондалай овогтой Оюунбилэг (Швед)
  • Волейболын спортын мастер Нямжав овогтой Сосор (Австри)

Мөн Монголын Волейболын Холбоо-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Болор Европын Монголчуудын Волейболын Холбооны зөвлөх, хяналтын албанд ажиллах саналыг хүлээн авсан болно.

Удирдах зөвлөлийн Зорилго, мөрийн хөтөлбөр

🔹 Европ дахь монгол хүүхэд, залуучуудын дунд спортыг хөгжүүлэх

🔹 Өсвөрийн тэмцээн тогтмолжуулах

🔹 Шигшээ баг бүрдүүлэх

🔹 Шүүгч, дасгалжуулагч бэлтгэх

🔹 Улс хоорондын хамтарсан бэлтгэл хэрэгжүүлэх

Удирдах зөвлөлийн ажиллах зарчим

Ёс зүйг дээдлэх, багаар ажиллах, хариуцлагатай, идэвхтэй оролцох, холбооны дүрэм, зорилгыг хүндэтгэн ажиллана.