XI ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР

Батлав. ЕМВХ-ны ТЭРГҮҮН Н.Золбоо
УМХ-ны тэргүүн Н.Батдуулга

ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ XI ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР

1 НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Eвроп дахь Монголчуудыг Волейболын спорт руу уриалан дуудах, спортоор нөхөрлөж, харилцан суралцах боломж бүрдүүлэх зорилгоор Европын Монголчуудын аварга шалгаруулах XI тэмцээнийг зохион байгуулахад баримтлан мөрдөх заавар болно.

  • XI ТЭМЦЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
    • Унгар дахь Монголчуудын холбоо (УМХ)
  • ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
    • Европ дахь Монголчуудын Волейболын Холбоо (ЕМВХ),
    • Монгол Улсаас Унгар улсад суугаа ЭСЯ

XI тэмцээнийг ерөнхий болон хамтран зохион байгуулагч талуудаас томилогдсон „Зохион байгуулах комисс (ЗБК)“ хамтран удирдан явуулна.

2 ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ, ХОТ, ГАЗАР
Огноо : 2025 оны 10-р сарын 31, 11 сарын 1,2-ны өдрүүд / Нийт 3 хоног /
Хаяг : Budai ciszterci szent imre gimnázium sportcsarnok

Budapest, Villányi út 27, 1114, Ungarn

3 ТЭМЦЭЭНИЙ АНГИЛАЛ, ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1. Тэмцээн насанд хүрэгчид, мастер (ахмад) гэсэн хоёр ангиллаар явагдана.

Насанд хүрэгчид: Эмэгтэй 16-аас дээш, Эрэгтэй 16-аас дээш (16-гаас доош өсвөр насны хүүхдийг эцэг эхийн зөвшөөрлийг үндэслэн оролцуулж болно.)
Mастер (Ахмад): Эмэгтэй 36 нас ба түүнээс дээш, Эрэгтэй 40 нас ба түүнээс дээш


3.2. Тэмцээнд оролцогч хүн Европын аль нэг улсад байнгын оршин суугч байна. Тамирчин оршин суугаа улсаасаа өөр улсын багт тоглохыг зөвшөөрнө.
3.3. Техникийн зөвлөгөөний үеэр болон зооны эхний тоглолт дуусахаас өмнө эсрэг багийн гаргасан хүсэлтийн дагуу тоглогчийн насны ангилалд багтаж буй эсэх, Европын холбооны улсад одоо байнгын оршин сууж байгаа эсэхийг бичиг баримтыг үндэслэн шалгаж болно. ДЭЭРХ нөхцөлийг зөрчсөн эсхүл нотлох баримтаа үзүүлээгүй тохиолдолд уг тоглогчийг тэмцээнээс хасна. Шийдвэрийг Ерөнхий шүүгч болон ЗБК хамтран гаргана. 

4 БАГИЙН МЭДҮҮЛЭГ БА ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН
4.1. Оролцох багууд 2025 оны 10-р сарын 25-ний дотор албан ёсны мэдүүлгийг euromongolvolley@gmail.com цахим шуудангийн хаягаар илгээнэ. Үүнд:
a) Багийн мэдүүлэг /маягт MVA0103002/

MBХ – БАГИЙН МЭДҮҮЛГИЙН МАЯГТ ТАТАЖ АВАХ – MVA0101002

б) Тамирчин бүрийн мэдээлэл /маягт MVA0103003/

MBХ – ТАМИРЧНЫ АНКЕТ ТАТАЖ АВАХ – MVA0101003

в) Тамирчид бүрийн цээж зураг.
4.2. Техникийн зөвлөгөөн 2025 оны 10 сарын 26 -нд онлайн аар явагдана. Техникийн зөвлөгөөнд мэдүүлэг бүртгэлээ баталгаажуулсан багийн төлөөлөх эрх бүхий төлөөлөгч оролцоно. Хэлэлцэх үндсэн асуудлууд:

  • Зохион байгуулах комиссыг танилцуулах
  • Шүүгчдийн бүрэлдэхүүн танилцуулах
  • Багуудын тооноос хамаарч тоглолтын систем, кодекс батлах
  • Зоон толгойлох эсэхийг шийдвэрлэх, зооны сугалаа явуулах
  • Маргаан таслах комисс танилцуулах, батлах

5 ТОГЛОЛТЫН ОНООЛТ, ШҮҮЛТ, БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
5.1. Тэмцээнийг ОУВХ-ны тоглолтын дүрмийн дагуу болон ЕМВХ-ны “Тэмцээн зохион байгуулах журмын” дагуу явуулна.
5.2. Тэмцээнийг MIKASA Volleyball MVA200 маркийн бөмбөгөөр явуулна. Бие халаалтын бөмбөгөө багууд өөрсдөө авч ирсэн байна.
5.3. Тоглолтууд 3 үеэр үргэлжилнэ. Эхний 2 үед нэг баг хожлыг авсан бол 3 дахь үеийн явуулахгүй дуусгавар болгоно.
5.4. Тоглолтын дүн гаргахдаа хамгийн олон оноо авсан баг нь тэргүүлэх эрэмбийг баримталана. Баг тоглолтын явцад эрхээ хасуулбал өмнөх тоглолтын бүх үр дүнгүүдийг тэглэнэ. Эсрэг тоглосон багуудыг тухайн тоглолтын ялагч гэж үзнэ.
5.5. Баг дээд тал нь 12 гишүүнтэй байна. Үүнд: 10 тоглогч, багийн эзэн/менежер – 1, дасгалжуулагч 1. Дасгалжуулагч болон менежер өөрийн багт тоглож болно.
5.6. Баг албан ёсны гэрчилгээ шүүгчтэй бол шүүгчдийн бүрэлдэхүүнд орох, өөрийн багаас бусад багуудын тоглолтыг шүүх зэргээр хамтран ажиллах боломжтой.
5.7. Талбайд заавал 6 тоглогч байх ОУВХ дүрмийг баримталана. Аль нэг тоглогч тодорхой шалтгааны улмаас тоглолтыг орхиж талбай дээр 5 тоглогч үлдвэл тоглолтыг зогсоож эсрэг багт хожлыг тооцно.
5.8. Ахмад ангиллаас 1-2 тоглогч насанд хүрэгчдийн ангилалд зөвхөн өөрийн баг, клубийн багт шилжин тоглохыг зөвшөөрнө. (Мэдүүлэгт нэр нь тусгагдсан байна). 

6 ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
6.1. Тэмцээний туршид ажиллах эмч, анхны яаралтай тусламжийг яаралтай үзүүлэх боломж нөхцөлийг зохион байгуулах комиссоос хангасан байна.
6.2. Баг нь бүх гишүүдийнхээ эрүүл мэндийг даатгалыг хариуцна.

7 ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙ
7.1. Бүх оролцогчид спортын шударга өрсөлдөөнийг эрхэмлэн Олон улсын Волейболын холбооны холбогдох журмуудыг ёсчлон мөрдөнө.
7.2. Багийн удирдлагууд өөрийн багийн тамирчдад тэмцээний зааврыг танилцуулсан байх, дагаж мөрдүүлэх, мөн өөрийн багийн тамирчид насны ангилалд багтаж буй эсэх, Европын холбооны улсад одоо байнгын оршин сууж байгаа эсэхэд хяналт тавьж тэмцээний журмыг мөрдүүлэх үүрэгтэй.
7.3. Оролцогч бүрд зураг бүхий мандат олгох ба мандатыг тоглолт эхлэхээс өмнө багийн удирдлагууд Зохион байгуулах комиссоос авсан байна. Мандатгүй тамирчин тоглолтын талбайд орохыг хориглоно.
7.4. Мандат авсан эрх бүхий этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ямар нэгэн үүрэг гүйцэтгэх эрхийг ЗБК-оос шууд түдгэлзүүлнэ.
7.5. Тамирчны ёс зүйг үл дээдлэх үйлдэл гаргаж, зохион байгуулалтад хүндрэл учруулах зөрчлийг зохион байгуулах комисс таслан зогсоох арга хэмжээ авна.
7.6. Баг тамирчид жигд, тоглолтын 2 ээлжийн хувцастай байна. Мөн зөвхөн мэдүүлэгт баталгаажуулсан дугаар бүхий хувцсыг өмсөнө. Хувцсыг буруу өмсөх, стандартыг дагаж мөрдөөгүй тохиолдолд дүрмийн дагуу торгууль хүлээнэ. (ОУВХ-ны Тэмцээн зохион байгуулах дүрмийн 19.5 дагуу)
7.7. Хажуугийн сандал дээр зөвхөн тухайн багын тамирчдаас гадна дасгалжуулагч, багийн менежэр сууж болно. Энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд ЗБК-оос багт сануулга өгөх, дахин зөрчвөл тоглолтыг зогсоож, эсрэг багийг хожсонд тооцох шийдвэр гаргах эрхтэй.

8 ТЭМЦЭЭНИЙ ХУРААМЖ, ЗАРДАЛ, ШАГНАЛ
8.1. Баг тус бүр дараах хураамж төлнө:
a) XI тэмцээний хураамж баг тус бүр 250€ евро.
b) ЕМВХ гишүүнчлэл тамирчин тус бүр 5€.

  • Tодруулга тайлбар
    • 6 гишүүн бүхий баг 250 + 6 * 5 = 280 €
    • 10 гишүүн бүхий баг 250 + 10 * 5 = 300 €
    • 12 гишүүн бүхий баг 250 + 12 * 5 = 320 €
  • Гишүүнчлэлийн хураамж нь МВХ-ны гишүүнчлэлийн лицензийн төлбөр, тэмцээний зардалд дэмжлэг үзүүлэх, холбооны тогтвортой үйл ажиллагаанд зарцуулагдана.

8.2. Багууд тэмцээний болон гишүүнчлэлийн хураамжаа 2025 оны 10 сарын 25-ны дотор буюу техникийн зөвлөгөөнөөс өмнө шилжүүлж бүртгэлээ баталгаажуулсан байна. Дансны мэдээллийг мэдүүлэг явуулсан хаяг руу ЕMail ээр илгээх болно.
8.3. Зохион байгуулах комисс дараах зардлуудыг хариуцна:
a) Заалны түрээс болон шүүгч, зохион байгуулалтын зардал
b) Мэдээлэл сурталчилгааны зардал
в) Эмнэлгийн анхны тусламж
8.4. Багуудын хураамжаас олсон орлогын 65%-иас багагүй хувь шагналын санд, үлдэгдэл орлого бусад үйл ажиллагаанд зарцуулна.
8.5. Ангилал бүрт тэргүүн байр эзэлсэн багуудад ЦОМ, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгох ба хоёр, гуравдугаар байранд медаль, мөнгөн шагнал, олгоно.
8.6. Тэмцээний статистикийг үндэслэн дараах тусгай шагнал олгоно. Үүнд:

  • Тэгш тоглогч/MVP/
  • Шилдэг Довтлогч
  • Шилдэг Холбогч
  • Шилдэг Хамгаалагч
  • Өсөх ирээдүйтэй тоглогч

9 МАРГААН
9.1. Тухайн тоглолт дууссанаас 30 минутын дотор багийн ахлагч гомдол гаргах эрхтэй. Багын ахлагч тоглолтыг зөвшөөрч тэмцээний протоколд гарын үсэг зурсан тохиолдолд гомдлыг хүлээж авахгүй.
9.2. Тоглолтын маргаантай асуудлыг Тоглолтын маргаан таслах комисс, тоглолтын бус үед гарсан маргаантай асуудлыг Зохион байгуулах комисс хэлэлцэж 30 минутын дотор шийдвэрлэнэ.
9.3. Гомдол гаргагч 50€ барьцаа тавьж гомдлоо бичгээр гаргах ба хэрэв гомдол үндэслэлтэй гэж үзвэл уг барьцааг буцаан олгоно. Гаргасан гомдол нотлогдохгүй бол уг барьцаа Зохион байгуулах Комисст үлдэнэ.

10 БУСАД ЗҮЙЛ
10.1. Зохион байгуулагч нь хэвлэл мэдээлэл, ТВ-ийн нэвтрүүлгээр тоглолтын дамжуулах болон тоглолтын үеийн зургийг хэвлэн нийтлэх эрхтэй.
10.2. Энэхүү зааварт тусгагдаагүй бусад асуудлыг Европын Монголчуудын Волейболын холбооны тэмцээний журамд (https://www.euromongolvolley.com/) заасны дагуу Зохион байгуулах комисс өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэгдэнэ.

ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБОО
УНГАР ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО